ДҮРЭМ, ЖУРАМ
БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТЭМДЭГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
1. Зорилго
Аж ахуйн нэгжид тохирлын үнэлгээ явуулсны үндсэн дээр тэдгээрт баталгаа болгон олгосон Тохирлын үнэлгээний гэрчилгээний хадгалалт, ашиглалт, хяналт тавих үйл ажиллагаанд энэ журмыг мөрдөнө.
2. Норматив иш таталт
- Барааны тэмдэг, газар зүйн байршлын хууль
- ISO 17030
3. Хамрах хүрээ
Энэхүү журмын зорилго нь “Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал С001”, “Бэлчээр ашиглах зохистой дадал С002”, “Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал С003” тохирлын үнэлгээнүүдэд амжилттай хамрагдаж авсан Тохирлын үнэлгээний гэрчилгээг хэрэглэх, таниулах сурталчлах, Тохирлын үнэлгээний гэрчилгээний нэр хүндийг хамгаалахад оршино.
4. Нэр томъёоны тайлбар
- Тохирлын үнэлгээ: гэдэг нь тэдгээр бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээ стандарт, норматив баримт бичгийн тогтоосон шаардлагад нийцэж байгаад баталгаа гаргах явдал юм
- “Тохирлын үнэлгээний гэрчилгээ”: гэдэг нь Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний тогтолцоо нь баталгаажсаныг хэрэглэгчид таниулж, тохирлыг гэрчлэх гэрчилгээ
- Тохирлын үнэлгээний гэрчилгээг эзэмшигч нь Нексус Коннект ХХК
5. Тохирлын үнэлгээний гэрчилгээ
Тохирлын үнэлгээний гэрчилгээ олгох шийдвэрийг Хөндлөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлтэд тулгуурлан Үнэлгээ ба баталгаажуулалтын хороо дүн шинжилгээ хийж эцсийн шийдвэрийг гаргана.
Зохистой дадлын тохирлыг бүрэн нийцсэн (ногоон), хэсэгчлэн нийцсэн (шар), нийцээгүй (улаан) гэсэн гурван зэргээр үнэлдэг.
| № | Өнгө | Товч тайлбар |
|---|---|---|
| 1 | Ногоон | бүрэн нийцсэн |
| 2 | Улбар шар | зарим талаар нийцсэн боловч сайжруулах шаардлагатай |
| 3 | Улаан | зохистой дадлын шаардлагыг хангаагүй |
Зохистой дадлын шалгуур үзүүлэлтүүд нь үндсэн үзүүлэлт ба сайжруулах үзүүлэлтүүдээс бүрддэг.
- Үндсэн үзүүлэлтүүд: Байгууллагаас зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай хамгийн доод шаардлагыг тодорхойлсон шалгуурууд.
- Сайжруулалтын үзүүлэлтүүд: Байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн шалгуурууд.
САНАМЖ: Зайлшгүй ногоон байх үндсэн үзүүлэлтүүд нь Тохирлын үнэлгээний гэрчилгээг олгохоос өмнө ‘Ногоон’ түвшинд хүрсэн байх ёстой. Үнэлгээ баталгаажуулалтын хорооноос шийдвэрийг ирүүлснээр дараах 3 тохирлын гэрчилгээг олгодог. Үүнд:
| Батламж | Тэмдэг | Товч тайлбар | Үндсэн шалгуур | Сайжруулах шалгуур |
|---|---|---|---|---|
| Алт | “Үндсэн” үзүүлэлтүүд 100% ногоон түвшинд, мөн хөгжүүлэх үзүүлэлтийн 95% дээш ногоон түвшинд хүрсэн тохиолдолд олгоно. | 100% | 95-100% | |
| Мөнгө | “Үндсэн” үзүүлэлтүүд 100% ногоон түвшинд, мөн хөгжүүлэх үзүүлэлтийн тодорхой хэсэг нь ногоон түвшинд хүрсэн тохиолдолд олгоно. | 100% | 50-94% | |
| Хүрэл | “Үндсэн” буюу зайлшгүй мөрдөх үзүүлэлтүүд 100% бүрэн нийцэлтэй (ногоон түвшинд хүрсэн) тохиолдолд олгоно. | 100% | - |
5.1. “Тохирлын үнэлгээний гэрчилгээ” эзэмшигч- Нексус Коннект ХХК.
5.2. Нексус Коннект ХХК-ийн ISO 17065 стандартын дагуу гүйцэтгэсэн баталгаажуулалтын үр дүнд үндэслэн дээрхи Тохирлын үнэлгээний гэрчилгээг үйлчлүүлэгчид олгоно.
5.3. Тохирлын үнэлгээний гэрчилгээг ашиглах журмыг Нексус Коннект ХХК үйлчлүүлэгчид танилцуулна.
5.4. Нексус Коннект ХХК нь Тохирлын үнэлгээний гэрчилгээг хэвлэл мэдээлэл, гэрчилгээ, баримт бичиг, албан бичиг, сурталчилгаа, электрон баримт бичиг, вэбсайт дээр хэрэглэж болно.
5.5. Тохирлын үнэлгээний гэрчилгээг эзэмшигч нь Нексус Коннект ХХК байх ба Тохирлын үнэлгээ хийлгэсэн байгууллага нь Тохирлын үнэлгээний гэрчилгээний хэрэглэгч байна.
5.6. Тохирлын үнэлгээний гэрчилгээг хэрэглэгч зөвхөн тодорхой хүрээнд, хүчинтэй хугацаанд ашиглах эрхтэй.
5.7. Тохирлын үнэлгээний гэрчилгээг хэрэглэгч нь бизнесээс бизнесийн хооронд хэлэлцээр хийх, гэрээ байгуулахдаа ашиглах боломжтой. /гэрчилгээний PDF хувилбарыг Нексус Коннект ХХК-аас авна/
5.8. Тохирлын үнэлгээний гэрчилгээг хэрэглэгч нь баталгаажуулалтад амжилттай хамрагдаж Тохирлын үнэлгээний гэрчилгээг авсан талаараа олон нийтийн сүлжээнд нээлттэй мэдээлэл оруулж болно.
5.9. Баталгаажуулалтыг түдгэлзүүлсэн, үл тохирол илэрсэн, гэрээний нөхцөл зөрчигдсөн, гэрчилгээний хугацаа дууссан тохиолдолд гэрчлэх тэмдэг хэрэглэхийг зогсоож энэ талаар нийтэд нээлттэй мэдээллийн санд оруулна.
5.10. Тохирлын үнэлгээний гэрчилгээ нь тодорхой бүтээгдэхүүнд хамааралгүй юм.
6. Тохирлын үнэлгээний гэрчилгээг сурталчилгаа, хэвлэл дээр хэрэглэх
6.1. Тохирлын үнэлгээний гэрчилгээг зөвхөн баталгаажуулалтад хамрагдсан хэрэглэгч дараах нөхцөлд сурталчилгааны зорилгоор хэрэглэж болно.
a) Компанийн хэвлэмэл болон цахим танилцуулга
b) Компанийн тухай видео сурталчилгаа
c) Компанийн албан ёсны вебсайт гэх мэт газар ашиглаж болох бөгөөд зөвхөн тогтолцоогоо баталгаажуулсан хэмээн таниулж сурталчилна. Дээрх сурталчилгаанууд Нексус Коннект ХХК-ийн ажилтай уялдсан байх ёстой.
7. Тохирлын үнэлгээний гэрчилгээг сурталчилгаа, хэвлэл дээр эс хэрэглэх
7.1. Тохирлын үнэлгээний гэрчилгээг дараах зүйлс дээр хэрэглэхийг хориглоно.
a) Бүтээгдэхүүний шошго
b) Хувцасны өлгүүр
c) Бүтээгдэхүүнтэй холбоотой маркетинг
d) Уут, сав, баглаа, боодол
e) Бүтээгдэхүүний хэвлэмэл болон цахим каталог
f) Байгууллагын нэрийн хуудас болон албан бланк, дугтуй гэх мэт зүйлс.
8. Тохирлын үнэлгээний гэрчилгээний хяналт
Энэхүү журмын 5 болон 6-р бүлэгт заагдсанаас бусад нөхцөлд Тохирлын үнэлгээний гэрчилгээг сурталчилгаанд ашигласан, Тохирлын үнэлгээний гэрчилгээг хуурамчаар хийсэн, өөрчилсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох үндэслэл болно.